Ургийн мод хэрхэн хөтлөх вэ?
Мэддэг хүмүүсээ зөв холбоод эхэлбэл ургийн мод аажмаар өөрөө бүрдэнэ.
Ургийн мод гэж юу вэ?
Ургийн мод нь угийн бичигт бүртгэсэн хүмүүсийн холбоо хамаарлыг зураглан харах арга юм. Нэрсийн жагсаалтаас ялгаатай нь хэн хэний эцэг, эх, хүүхэд, хань ижил болохыг нэг дор харахад тусалдаг.
Ураг удамд энэ холбоог тойрог хэлбэрийн “Ургийн нар” зураглалаар харж болно.
Хаанаас эхлэх вэ?
Хамгийн сайн мэддэг хүнээсээ эхэл. Өөрөөсөө, аав ээжээсээ эсвэл мэддэг өвөө эмээгээсээ эхлэхэд болно. Бүх үеийг эхнээс нь бүрэн мэдэх шаардлагагүй.
- Эхлэх хүнээ бүртгэнэ.
- Түүний аав, ээжийг мэддэг бол холбоно.
- Ах, дүүг шууд холбохоос илүү нийтлэг эцэг, эхээр нь холбоно.
- Хань ижил болон хүүхдүүдийг дарааллаар нь нэмнэ.
- Мэдэхгүй холбоог таамгаар үүсгэхгүй, дараа нь нөхөж болно.
Холбоо хамаарлыг тусад нь бүртгэхийн ач холбогдол
Нэг хүний нэр эсвэл ургийн код дангаараа гэр бүлийн бүх холбоог найдвартай илэрхийлэхгүй. Тиймээс хүн бүрийг тусдаа бүртгэж, эцэг / эх–хүүхэд болон гэрлэлт / хосын холбоог бодит мэдээллээр нь холбох нь чухал.
Хойд эцэг, хойд эх, үрчилж авсан эцэг эх зэрэг холбоог мөн өөрийн утгаар нь бүртгэх нь дараа нь модыг зөв ойлгоход тусална.
Алдаа багатай хөтлөх жижиг зөвлөмж
- Ижил нэртэй хүмүүсийг төрсөн он, нутаг, эцэг / эхийн нэрээр ялгаж шалгах.
- Нэг хүнийг давхар бүртгэхээс өмнө хайж үзэх.
- Зөрүүтэй мэдээлэл таарвал шууд таахын оронд эх сурвалжаа тэмдэглэж, дараа нь нягтлах.
- Хогийн савд шилжүүлэх, сэргээх үйлдэл хийхдээ холбоотой хүмүүс болон модонд хэрхэн нөлөөлөхийг шалгах.
- Олон хүн хамт засах үед хэн ямар эрхтэйг ойлгомжтой байлгах.